Дэлхийн шилдэг номын хураангуй: "0-ээс 1-рүү тэмүүлэх нь"

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Board member, Educated Initiatives NGO
2017 / 01 / 10     1094

“Энгийнээр тайлбарлаж чадахгүй байгаа зүйлээ чи хангалттай мэддэггүй гэсэн үг” гэж алдарт эрдэмтэн Алберт Эйнштэйн хэлсэн байдаг. Онлайн худалдааны өсөлтөнд чухал хувь нэмэр оруулсан ПэйПал /PayPal/-г үүсгэн байгуулагчидын нэг Питер Тиэл болон хуулийн судалгааны стартап Жүдиката компанийн үүсгэн байгуулагч Блэйк Мастерс нарын хамтын бүтээл “ТЭГ-ээс НЭГ рүү тэмүүлэх нь” ном нь гарааны бизнес, бүтээгдэхүүн, өрсөлдөөн болон амжилтын талаарх олон хүндхэн сэвдүүдийг маш ойлгомжтой тайлбарлажээ. Хэзээ нэгэн цагт өөрийн хувийн бизнесийг эрхэлж түүнийгээ удирдан зохион байгуулж, амжилттай ажлуулахыг мөрөөдөж байгаагүй хүн байхгүй биз. Зарим нэг маань аль хэдийн бизнесээ эхлүүлэн алдаанаасаа суралцан хөгжиж буй гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн сонгосон ном маань яг л дээр тодорхойлсон хүмүүст зориулсан хэрэвээ чи бизнес эрхлэх гэж байгаа бол бусдыг дуурайсан биш өөрийн цоо шинэ бусдын эзлээгүй орон зайд буюу байхгүй 0 зүйлийг 1 болгон ажилбал илүү амжилт олно гэдгийг жишээ, баримттайгаар зөвлөжээ.
Ямар ч төрлийн бизнес эрхлэх байсан доорх шалгуур асуултыг асуугаад бүгдэд нь онцгой хариулт өгч чадаж байвал та яг одоо өөрийн бизнесээ хийх цаг нь болсон байна гэж үзэж болно. Үүнд:

1. Инженерингийн шалгуур асуулт: Аажмаар өсөж хөгжих бус, онцгой нээлт болсон технологийг бий болгож чадаж байна уу?
2. Цаг хугацааны шалгуур асуулт: Тухайн бизнесийг эхлүүлэхэд тохиромжтой цаг яг одоо мөн үү?
3. Монополь байдлын шалгуур асуулт: Жижиг зах зээлийн дийлэнх хувийг эхэлсэн даруйдаа эзлэх боломжтой юу?
4. Хүн хүчний шалгуур асуулт: Зөв баг бүрдэж чадсан уу?
5. Түгээлтийн шалгуур асуулт: Зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоос гадна, түүнийгээ түгээх арга замыг олсон уу?
6. Бат бөх байдлын шалгуур асуулт: Ойрын 10 болон 20 жилдээ зах зээлд эзэлсэн байр сууриа баттай хадгалах боломж бидэнд бий юу?
7. Нууцын шалгуур асуулт: Бусдын олж харж чадаагүй маш онцгой боломжийг та олж харж чадсан уу?

За дээрх асуултуудыг бүгдийг нь амжилттай хариулаад цааш бизнесээ эхлүүлэхээр зорьсон бол мөн доорх 4-н зөвлөлгөөг анхааралтай дагаарай. Үүнд:

1. Аар саар, жижиг зүйлээр оролдсоноос томоохон зүйл рүү зориглоод орох нь зүйтэй
- Санаагаа олсон бол 1-2 жилд бусад хүмүүс түүнийг чинь дуурайчихааргүй, хичээл зүтгэлийн тань дараа үнэ цэнэ өгөхөөр байвал сайн
2. Огт төлөвлөхгүй байснаас, маруухан төлөвлөгөөтэй байсан нь дээр
- Бид хэт өөдрөг байдгаас юунд хүрэх, яах гэж байгаагаа огтхон төлөвлөхгүй бүх зүйл аяндаа бүтэх мэт аашилдаг нь үнэхээр тэнэглэл юм.
3. Өрсөлдөөнт зах зээл ашгийг үгүй хийдэг
- Өрсөлдөөн хамгийн бага байгаа газар л ашиг гэсэн ойлголт байдаг. Тиймээс монополь бизнесүүд ашигтай байгаагаа нуухын тулд өөрсдийгөө жижиг байгаа мэтээр хэрэглэгчидэд ойлгоуулдаг. Харин төгс өрсөлдөөнд буй компаниуд өөрийгөө монополь болсон хамгийн 1 номерын сонголт шүү гэдгийг харилцагчидад итгүүлэхийг хүсдэг тул монополь мэт төсөөллийг үүсгэхийг хичээдэг.
4. Бүтээгдэхүүн, борлуулалтын аль аль нь чухал ач холбогдолтой
- Инженерүүд болон бүтээгдэхүүн хөгжүүлэгчид гол анхааралаа бүтээгдэхүүнээ төгс болгох тал дээр хэт анхаарч борлуулалтаа хаядаг. Харин борлуулагчид эсрэгээрээ оргүй хоосон, эсвэл зүгээр л харагдах байдлыг өөрчилсөн зүйлийг үнэд хүргэн зарахыг хичээдэг. Тэхдээ бүтээгдэхүүн, борлуулалт хоёрыг зэрэг анхаарч байж л амжилтанд хүрэх боломжтой.

Уншсан номноосоо за яг энэ хэсгийг нь уншчихаарай, ерөнхий товчихондоо ийм тийм байсан гээд хэлээд заагаад өгөхөөр цаг хугацаа хэмнэсэн сайхан үйл байдаг. Тиймээс миний хувьд энэхүү номноос хамгийн хэрэгтэй байх болов уу гэсэн санаануудыг доорх байдлаар тодорхойллоо. Үүнд:

1. Хүн болгон борлуулагч. Бүгд л амьдралынхаа туршид, кареерынхаа туршид өөрийгөө борлуулж амьдардаг. Борлуулалтын мэргэжилтэнг захиалгын мэргэжилтэн, бизнес хөгжлийн мэргэжилтэн, даатгалын төлөөлөгч, сургалтын менежер, хөрөнгө оруулалтын зөвлөх, өөрийгөө зардаг хүмүүсийг улс төрч гэх мэтээр давхар нэршлээр нэрлэдэг нь борлуулалт хийдгээ мэдэгдэх хүсэлтэй хүн цөөн байдагтай холбоотой. Жүжиглэх ур чадварын адил борлуулалт далд байх тусмаа амжилт олдог.
2. Чадварлаг баг бүрдүүлэх. Зөвхөн ур чадвартай гэх тодотголоор хамт урагшлах чин хүсэлгүй хүмүүсээр биш зорилгынхоо төлөө тууштай тэмцэх, инженерийн буюу тухайн бизнесийнхээ салбарын талаар гүн мэдлэгтэй дээрээс нь борлуулах ур чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлбэл амжилт ойрхон.
3. Машин хэзээ ч хүнийг орлох боломжгүй. Өнөөдөр бидний хамгийн ухаантай гэх хүмүүсээс хэд дахин илүүг тооцоолох чадвартай машин буюу компьютерүүд бий болсон. Гэхдээ машин, технологи нь зөвхөн хүнд туслах зориулалттай, хүнд ашиг тусаа хүртээхээр бүтээгдсэн тул машинтай өрсөлдөж биш түүнийг яаж өөртөө ашигтайгаар ашиглах бэ гэдэг дээр толгойгоо ажлуулбал цаашид амжилттай байх боломжтой.

Дээрх зөвлөлгөөг хэрэгжүүлэн өөрийн бизнестээ үнэлэлт өгөөд үзээрэй. Мөн манай хуудасны мэдээлэл авах хэсэгт и-мэйл хаягаа ЭНД ДАРЖ бүртгүүлэн бусад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь авч байгаарай.


24
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image