2017 онд хүрэх зорилгуудаа ингэж тодорхойлоорой!

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2016 / 12 / 12     1033

Хүн байгалиасаа ямар нэгэн зорилгод хөтлөгдөн амьдарч, тэрхүү зорилгодоо хүрэх бүртээ амжилтыг мэдэрч, аз жаргалыг амталдаг. Өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлсноос хамаарч тухайн хүн нэг бол дундаж, энгийн, “байдаг л нэгэн” болдог бол зарим хүмүүс өөртөө өндөр зорилго тавьж цөөнх нь түүндээ тууштай, ухаантай зүтгэснийхээ хүчинд ямар нэгэн чиглэлээр бусдыг манлайлагч нэгэн болж чаддаг.

Оны эцэс болоход хүн бүр өмнөхөөсөө илүү өндөр зорилго тавиад зогсохгүй, тавьсан зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулж байх хэрэгтэй гэж хувь хүний хөгжлийн стратегич Matt Mayberry зөвлөжээ. Цаасан дээр бичдэг ч юмуу, хэн нэгэнд хэлдэг ч юмуу ямар нэгэн байдлаар зорилго тодорхойлчихоод бичсэн цаасаа хаях, юмуу хэлсэн үгээ мартчихвал зорилго тавьсны ямар ч хэрэг байхгүй. Хамгийн гол нь тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд бүх хүч, чадвараа дайчлан, ухаантай, тууштай, шургуу ажиллах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөжээ.

Түүний өөрөө ч гэсэн ирэх оныхоо зорилгыг тодорхойлж, хамгийн гол нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг 2 гол аргыг хуваалцъя.

1. Зорилго тодорхойлох процессдоо анхаар
Утсан дээрээ ч юмуу яг 3 минутын хугацаа тавиад ирэх оныхоо зорилгуудыг жагсаан бич. Ингэж өөрийгөө шахах нь: нэгт, хамгийн ихээр хүсч буй, толгойд чинь эргэлдэж байдаг зорилгуудаа хамгийн түрүүнд жагсаах нөхцлийг бүрдүүлдэг; хоёрт, мөнгө хүрэхгүй, цаг байхгүй гэх мэт мянган шалтгааныг бодож зарим зорилгуудаа хойш тавих цаг олгодоггүй сайн талтай.

Үүнийхээ дараа ирэх жилийн өдийд хүрсэн байх 8-10 зорилгыг шилж аваарай. Зорилгуудаа тодорхойлохдоо эрүүл мэнд, бие бялдар, гэр бүл, амралт, санхүүгийн болон бизнесийн гэх мэтээр амьдралд чинь чухал шаардлагатай хүчин зүйлсээс аль болох олныг оруулж тэнцвэртэй хандаарай. Эцэст нь шилж авсан зорилгуудаасаа хамгийн гол, бусад зорилгуудыг чинь биелэх нөхцлийг хангаж чадахуйц ганцхан зорилгыг онцгойлон дугуйлаарай.

2. Амьдралыг чинь өөрчлөх зорилгодоо хүрэх төлөвлөгөө гарга
Matt өөрөө энэ аргыг 16 настай, мансууруулах бодисын донтолтоос гаргах эмчилгээгээ дөнгөж дуусгаж байхдаа анх хэрэглэжээ. Тэрбээр өөртөө тавьсан олон зорилгуудаас амьдралыг нь өөрчилж, бусад зорилгуудаа биелүүлэх боломжоор хангах хамгийн том зорилго бол Америк хөл бөмбөгийн шилдэг тамирчдад олгодог их сургуулийн тэтгэлэг авах гэж тодорхойлжээ.

Энэ мэтээр амьдралыг чинь өөрчлөх зорилгоо тодорхойлсны дараа шилдгийн шилдэг болж чадсан хүмүүсийг дундаж нэгнээс ялгаруулдаг дараагийн алхмыг хийгээрэй. Энэ бол хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилтыг дэвшүүлэх.

Ихэнх хүмүүс тавьсан зорилгодоо яаж хүрэх аргаа мэдэхгүй, нухацтай бодож үздэггүй. Харин та Matt-ын зөвлөсний дагуу нарийвчлан төлөвлөж чадвал нийгмийн цөөхөн хувийг эзэлдэг манлайлагчдын эгнээнд орох магадлалаа эрс нэмэгдүүлж чадна.

Жилийн хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилт бүхий нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа он гарангуут өдөр дутмынхаа хийх ажлын жагсаалтанд жилийн төлөвлөгөөнөөсөө 1-2-ыг оруулаарай. Ажлынхаа төлөвлөгөөг ингээд гаргачихсан хүн чинь өдөр бүр тууштай хөдөлмөрлөөд, хичээгээд байж дээ.


29
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image