ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №2 “BLUE OCEAN STRATEGY”-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Co-founder & CEO, Educated Enterprise LLC
2016 / 11 / 25     1158

Өмнөх удаагийн цувралаар бид тус номын зохиогчид болох дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургуулиудын жагсаалтанд тогтмол дээгүүр бичигддэг INSEAD-ын профессорууд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эхлэхээр зорьж буй хэн ч бай зэрлэг капитализмийн сонгодог бүтээгдэхүүн болох цусан улаан өрсөлдөөнөөс түдгэлзэж, зах хязгааргүй номин хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй хэрэглэгчдэд тань шинэ үнэ цэнэ (value) нэмэх шинэ санаа (innovation)-г бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шингээх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлэхийг зөвлөж буйг хүргэсэн. Энэ удаад бид тус номонд тайлбарласан бизнесийн гол ухагдахуунуудаас нэмж хоёрыг танилцуулъя.

НЭГТ: Таны зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хөх далайн стратегитэй нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх схем.

Энэхүү схемт үзүүлсэнчлэн аливаа бизнес эрхлэгч бизнесийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхээр цаг, мөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулахаасаа өмнө дараах дөрвөн асуудлын хүрээнд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнд:

- Худалдан авагчийн хэрэгцээ (Buyer Utility),
- Үнэ (Price),
- Өртөг зардал (Cost),
- Бодитоор хэрэгжүүлэх боломж (Adoption) зэрэг багтана.

Эдгээрийг тус бүрт нь авч үзье.
1. Таны санаачилсан бизнес худалдан авагчдад өөр зүйлээр орлуулашгүй хэрэгцээг бий болгож чадах уу? Үгүй бол бизнесийн санаагаа дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
2. Таны санал болгож байгаа үнэ худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байж чадах уу? Үгүй бол тогтоосон үнээ дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
3. Таны санал болгож буй үнэ танай компанид үйлдвэрлэлийн зардлаа хасаад цаана нь боломжийн ашиг гарахаар хэмжээнд тогтож чадаж байна уу? Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг тогтоохдоо зөвхөн зардалд суурилах нь туйлын буруу шүү. Мөн худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байлгах гээд үнээ зохиомлоор бага тогтоож, ингэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг бууруулах тухай бодож байгаа бол бас л буруу. Үүний оронд та бизнесийн санаагаа дахин бодож үзээрэй. Харин таны худалдан авагчдад санал болгохоор зорьж буй үнэ, таныг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэхийн зэрэгцээ бизнестээ ч боломжийн ашиг авчрахаар хэмжээнд тогтож чадаж байвал дараагийн асуултанд хариулаарай.
4. Та болон танай компани бизнесийн санаагаа шууд бодитоор хэрэгжүүлэх чадавх, чадамжтай юу? Хэдийгээр таны бизнесийн санаа эхний гурван шалгуурыг давсан ч гэсэн, яг бодит байдал дээр таньд тухайн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд тань шаардлагатай хүн хүч, техник технологи, хөрөнгө мөнгө дутмаг байгаа юм биш биз? Тийм бол энэ мэт асуудлуудаа эхэлж шийдсэн нь зөв алхам болно шүү.

Дээрх дөрвөн асуудлын хүрээнд өөрийн бизнесийн санаандаа дүн шинжилгээ хийж, хүрэхээр зорьж буй хэрэглэгчиддээ шинэ үнэ цэнийг болгох, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээ нягтлаад үзээрэй.

ХОЁРТ: Хэрэглэгчдээ таньж мэдэх аргачлал.

Номын зохиогчдын онцолж буйгаар цусан улаан өрсөлдөөнийг үүсгэдэг бас нэгэн томоохон шалтгаан бол бизнес эрхлэгчид юмуу бизнес эрхлэхээр завдагчид санал болгож/болгох гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг нь аль хэдийн хэрэглэдэг болсон зах зээлийн хэсгийг л судлаад байхаас, хэрэглэхгүй байгаа зах зээлийн бусад хэсгийг төдийлэн судалдаггүй байна.

Номын зохиогчид хөх далайн стратегийг хэрэгжүүлэн, хэрэглэгчдийнхээ хүрээг амжилттай тэлж чадсан хэд хэдэн компанийг жишээ болгон татсаны нэг нь алдарт Apple компани байв. “Хэрэглэгчид юу хүсч байгаагаа мэддэггүй гэх” алдарт ишлэлийг Apple компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs хэлсэн ба үүнийгээ ч бодит байдалд утгаар нь бататган харуулж чадсан. Тэд комьпютерийн зах зээлд хөнгөн, үзэмжтэй зөөврийн комьпютер үйлдвэрлэлээрээ хувьсал хийж комьпютерийг зөвхөн хэрэглээ талаас нь бус, гангараа, хувь хүнийг илтгэх илрэл болтол хөгжүүлж чадсан. Брэнд хөгжүүлэлтийн дээрх мэт шинэлэг ойлголтуудыг iPhone, iPad, iWatch зэрэг шинэ бүтээгдэхүүн бүртээ шингээж, хэрэглэгчдэд ямар нэгэн нэмэлт үнэ цэнийг бий болгосноороо Apple компани хамгийн өрсөлдөөн ихтэй гэгддэг техник, технологийн салбарт 40 жилийн турш тэргүүлсээр яваа билээ. Иймээс ч хэрэглэгчид Apple компанийн шинэ бүтээгдэхүүн бүрийг тэсэн ядан хүлээж, хонон өнжин оочерлон авдаг бизээ.

Таны бизнес жижиг, том, ашгийн төлөө юмуу ашгийн бус аль нь ч бай өөрийн зах зээл/үйл ажиллагааны хэрэглэгчид төдийгүй хэрэглэгч болох боломжтой бусад хэсгүүдийг давхар судлан, таньж мэдсэний дүнд хэрэглэгчдэд шинэ үнэ цэнийг өгөх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг шаардлагатай үед санал болгож чадаж байвал таны бизнес тогтвортой, амжилттай оршин тогтнох боломжтой гэж “Хөх далайн стратеги” номын зохиогчид зөвлөж байна.

Та бүхэнд амжилт хүсье!


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image