Үйлдвэрлэлийн 4-р хувьсгал бүхнийг өөрчилнө

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Board member, Educated Initiatives NGO
2016 / 11 / 21     4043

Аж үйлдвэрийн хувьсгал, орчин үеийн бидний нэршилээр технологийн хувьсгал бүрийн үр дүнд бидний амьдрал нэг алхам урагшилж бид илүү хөгжин цааш явах боломжтой болж байлаа. Харин сүүлийн жилүүдэд бидний амьдралд чимээгүйхэн нэвтрэн орж буй үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу? Саяхан www.ted.com-р Tim Leberecht-н ярианаас “ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг робот юм уу програм хангамжаар хийгдэх болно” гэж сонссон маань технологийн чиглэлээр ажилладаг, бүтээмжийг өсгөхийн тулд байнга эрэл хайгуул хийж үнэ цэнэ багатай ажлуудыг автоматжуулахыг зорьж байдаг миний хувьд энгийн өдөр тутмын ажил маань боловч тоо баримттайгаар хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөг нь сонсоход харгис санагдсаныг нуух юун. Тиймээс технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох талаар зарим судалгаанууд дахь сонирхол татсан мэдээллүүдийг нэгтгэн та бүхэнд хүргэж байна.


Бид дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, эдийн засгийн хямрал, зах зээлийн хумигдалыг хэрхэн давах талаар завгүй бодож ажиллаж байх зуур технологийн хувьсгал чимээгүйхэн газар авч байна. Технологийн 4-р хувьсал нь бидний амьдрах, ажиллах хэв маягаас гадна хоорондын харилцааг маань тэр чигт нь өөрчилж байна. Интернэтийн хэрэгслүүд, 3Д хэвлэл, хүнийн генийн бүтэцийн кодчилолыг нээсэн болон нанотехнологиудыг бид 4-р үеийн аж үйлдвэрийн хувьсгалын бүрдэл хэсгүүд гэж үзэж болохоор байна.

Роботууд аль хэдийн бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арга барилыг өөрчилсөн. Гэхдээ бүх хүнийг робот орлоогүй зарим үйлдвэрлэлд хүмүүс оролцсон хэвээрээ байгаа. Бүхэлдээ мэдрэгчтэй, бодох чадвартай машинуудаас бүрдсэн ухаалаг үйлдвэрүүд баригдсанаар том өөрчлөлт бий болно. Энд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш хямд зардлаар бүтээгдэх боломжтой болно. Хамгийн чухал нь эдгээр үйлдвэрүүд нь хүний оролцоогүй тул хямд өртөг бүхий ажилчдыг хайж үйлдвэрлэлийн байрлалыг солих шаардлагагүй, ажилчдын амь насыг эрсдэлд оруулахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт маш үр өгөөжтэй ажиллах боломжтой.

Энэхүү технологи нь одоогийн үйлдвэрлэлийн төвлөрлийг бутаргаж, бүтээгдэхүүнийг илүү олон газар хурдан үйлдвэрлэх боломжийг олгож байгаа нь хүн амын нягтаршил багатай манай Монгол гэх мэт улсуудад ашигтай тусах юм. Улс төр болон нийгмийн хувьд энэхүү шинэ ойлголт нь санаа түгшээсэн болон сэтгэл догдлуулсан байдлыг зэрэг дагуулж буй юм. Үйлдвэрээс хүмүүсийг явуулснаар ажилгүйдлийн түвшин асар ихээр өсч, замбараагүй, эрх чөлөөтэй байдал газар авч хүнд нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай.

АНУ-ын тээврийн салбарт ажиллагсадын 70% нь том машины жолооч байдаг гэсэн судалгаа байдаг. Харин 4-р хувьсгалын үр нөлөөгөөр интернэтийн хэрэгсэл (IoT)-үүд нь тээврийн салбарыг тэр чигт нь өөрчлөх дүр зурагтай байна. 2016 оны 4-р сард томоохон ачааны машин үйлдвэрлэгчид болох DAF, Daimler, Iveco, MAN, Scania болон Volvo-н нэрийн өмнөөс цуваа машинууд хагас автомат буюу жолоочийн хяналтан доор Европын улсуудаар туршилтын тээвэрлэлтийг хийсэн бол 2016 оны 10-р сард Америкт анхны жолоочгүй машин 190км-ын тээврийг амжилттай зохион байгуулаад байгаа ба энэхүү жолоочгүй машин нь дөнгөж эхний шатны дэвшил байх нь. Мөн жижиг ачаа илгээмжийн салбарт Дрон аль хэдийн нэвтэрсэн бөгөөд АНУ гэх мэт орнуудад түүний хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн актуудын боловсруулалтын шатанд ажиллаж байна. Цаашид ухаалаг тээврийн систем нь дэлхийн нүүрсхүчлийн хийн хэрэглээг бууруулж хаягдлыг багасгах боломжтой болж байна.

Бэлтгэл сайтай биш байвал өөрчлөлт нь хүлээж авахад хүндрэлтэй байдаг. 3Д хэвлэлийн хувьд бүүр хэрцгий өөрчлөлтүүдийг бий болгохоор байна. Энэ нь яг хэрэгцээтэй үедээ хүссэн загварынхаа бүтээгдэхүүн болон түүний эд ангийг интернэтээс татан авч хэвлэх боломжийг олгоно.


3Д хэвлэл бүрэн нэвтэрснээр тээвэрлэлтийн зардалд мэдэгдэхүйц хэмжээний бууралтыг үзүүлэх тул үүнээс үүсдэг бохирдол дагаад багасна. Мөн эрүүл мэндийн салбарт 3Д хэвлэл хүний өвчилсөн эд эрхтэнг нөхөх зорилгоор аль хэдийн ороод байна. Хүний генетикийн бүтцийг хуулбарлах боломжтой болж байгаа нь маш их маргааныг дагуулж байна. Генийг хуулбарлан гаргаж авсан шинэ эрхтэнүүд нь ямар нэг эд эрхтэн өвчлөхөд оронд нь хувилан гаргасан эрүүлийг нь шилжүүлэн суулгах боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүн амын дундаж наслалт нь улам өндөр болох болчихоод байна. Тиймээс засгийн газрууд тэтгэвэр болон өндөр насны халамжийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол төсөв болон эдийн засгийн хүндрэлүүд үүсэх магадлалтай байна.
Харин нийгмийн бүлгийнхэн, ажиллах чадамжтай нас болон тэтгэврийн насыг дахин тодорхойлох шаардлагатай болж байна. Бид хүмүүсийг хагас цагаар ч бай бүтэн цагаар ч бай илүү урт хугацаанд ажиллуулж байх шаардлагатай тулгараад байна. Хүн төрөлхтөний хэрэгцээнд ургамлын гаралтай орц найрлагуудыг ашиглах хандлага улам өсөх тул хамгийн чухал нь ургац хураалтын хэмжээг нэмэгдүүлэх асуудал ч тулгамдах шинжтэй байна.

Өмнөх жишээнүүдээс харахад технологийн 4-р хувьсгал нь үйлдвэрлэлээс тээвэрлэлт, хөдөө аж ахуйгаас санхүүгийн гээд эдийн засгийн бүхий л салбаруудад нөлөөлөх нь гарцаагүй болоод байна. Мөн боловсролын салбарыг ч өөрчлөхөөр байна. Бид ангид суурилсан уламжлалт боловсролын системээ хадгалсаар байгаа. Энэ аргаас илүү сайныг бид урт хугацааны дараа л олж илрүүлэх байх. Гэхдээ бид технологид суурилсан зардал хэмнэсэн, хүртээмжтэй байдлыг нэмсэн аргуудыг түлхүү дэмжих нь тодорхой болоод байна. MIT, Harvard, саяхан Oxford-н их сургууль гээд дэлхийн тэргүүлэх их сургуулиуд ар араасаа цахим сургалтын төвүүдийг байгуулаад эхэлсэн бөгөөд www.coursera.org болон www.khanacademy.org зэрэг үнэгүй, чанартай боловсролын сайтууд ч маш өргөн хэрэглэгдэх болоод байгааг та мэдэж байгаа байх.

4-р хувьсгалын талаарх олон таамаглалууд нь улс төр, нийгэм болон соёлын ялгааг үл харгалзан өөрөө аяндаа бий болохоор байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд орлогын ялгаатай байдал улам бүр газар авч байгаа нь технологийн өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлж чадсан зарим хүмүүст ихээхэн ашиг тусыг өгч байна. Технологи нь өөрөө асар үнэтэй байгаа тул хойноос дагагчдын хувьд гүйцэж өөрийн болгоход, илүү боломжтой бүүр илүү сайжирсан шинэ хувилбарууд нь гарсаар байна. Бид цаашид улам илүү бий болох боломжтой энэхүү шударга биш байдлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй бөгөөд боломжоороо бууруулах шаардлагатай. 4-р хувьсгалыг хүн бүрт ашигтай байлгах нөхцөлийг засгийн газрууд, компаниуд болон бусад олон улсын байгууллагууд хамтран хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай.

Үнэндээ технологийн өөрчлөлт нь дэлхийн геополитикийн балансад аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Зарим улсууд бусдаасаа илүү хүчтэй болж эхэлж байна. Дэлхий ертөнц тогтвортой, цэгцтэй байх үр дүнтэй засаглалын механизмыг бүтээхийг шаардаж байна. 19-р зууны төгсгөлөөр бий болсон Үйлдвэрлэлийн 2-р хувьсгал нь бидэнд орчин үеийн хими, автомашин, цахилгаан бараа болон бусад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирсан. Эдгээр нь хүн төрөлхтөнд ашиг тустай байсан нь үнэн ч Дэлхийн 1, 2-р дайнаас гадна олон сөргөлдөөн буюу үхлийг ч дагуулсан. Тиймээс 4-р хувьсгалыг эв зүйтэй хүлээн авч чадах эсэх нь бидний улс төрийн хамгийн том уриалга болох биз ээ.

Дээр дурдсан олон жишээнээс та боломжийг харж чадаж байна уу? Айдасыг мэдэрч байна уу? Нэгэнт энэ өөрчлөлтүүд бидний амьдралд нэвтрээд эхэлсэн байгаа тул өөрийнхөө өдөр дутамдаа хийж буй ажилдаа дүн шинжилгээ хийхийг танд зөвлөе. Цөөн хүн амтай, таруу байршилтай манай улсын хувьд энэхүү хувьсгал нь хэзээ ч мөрөөдөж байгаагүй боломжийг бий болгож мэдэх юм. Тиймээс бүгдээрээ илүү ухаантай, мэдлэгтэй байж болж буй өөрчлөлтүүдийг Монголчлоод амьдрал ахуйгаа дээшлүүлцгээх үү?

Эх сурвалж: Fourth revolution to change everything, Mauro Guillen (director of the Lauder Institute, Wharton School, University of Pennsylvania)


34
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
Э.Түвшинтөгс     2017-10-16 21:28:06
Баярлалаа