ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №1 “BLUE OCEAN STRATEGY”

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Co-founder & CEO, Educated Enterprise LLC
2016 / 11 / 10     1977

Дэлхийн бизнесийн хамгийн шилдэг сургуулиудын нэг Франц улсаас үүсэлтэй INSEAD - ын профессоруудын 20 гаран жилийн судалгаа, шинжилгээний дүнд бүтсэн “Blue Ocean Strategy” буюу “Хөх далайн стратеги” номын хураангуйг та бүхэнд хүргэе. Олон оронд хамгийн олон хувь борлогдсон шилдэг номын жагсаалтанд тэргүүлсэн энэхүү номыг ганцхан удаагийн хураангуй бичвэрээр хүргэхэд хэтэрхий жулдах учир хэд хэдэн цуврал болгон хүргэхээр боллоо.  

Энэхүү ном нь жижиг, дунд, мега гээд ямар ч түвшний бизнес эрхлэгчид төдийгүй үндэсний хэмжээний стратеги, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхэд тус болох аргачлалуудыг танилцуулан, тайлбарласнаараа гол давуу талтай. Иймд номын зохиогчид эдгээр аргачлалуудыг өөрсдийн www.blueoceanstrategy.com хуудсанд танилцуулсны дагуу номын гол санаануудыг хураангуйлан хүргэе.

1. Цусан улаан далай ба Номин хөх далай
Бидний амьдарч буй капиталист нийгэмд бизнесүүдийн баримталж ирсэн үндсэн зарчмуудын нэг нь дайн байлдаанаар бол амь өрссөн цусан улаан тулаанд өрсөлдөгчдөө ялан дийлж, өөрийн бизнесээ ашигтай ажиллуулах явдал байсаар ирсэн. Гэтэл 21-р зуунд аливаа бизнес тухайн мөчид ашигтай байна гэдэг нь тус бизнесийн амжилтын гол шалгуур биш харин аливаа бизнес хэр нэр хүндтэй, тогтвортой өсөлттэй, ашигаа нэмэгдүүлж чадаж байна гэдэг тус бизнесийн амжилтын гол үзүүлэлтүүд байх болжээ.

Үүнийг номын зохиогчид бизнесийн уламжлалт улаан стратегийг халж, аль хэдийн өрсөлдөгчдөөр дүүрсэн зах зээлд бус зах хязгааргүй хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй боломжийг нээн илрүүлж хэрэглэгчдэд шинэ үнэ цэнэ, давуу талыг мэдрүүлэх шинэ төрлийн эрэлт хэрэгцээг бий болгож, цуст өрсөлдөөнөөс зайлсхийхийг зөвлөжээ.
Ийм бизнесийн жишээ нь Канад улсаас үүсэлтэй CirqueDuSoleil энтертаймэнт бизнес юм. Тэд 1980-аад онд алиалагч, амьтдын үзүүлбэр зэрэг улиг болсон үзүүлбэрүүдээс хэтрэхээ больж үзэгчдээ бусад төрлийн энтертаймэнт бизнесүүдэд алдаж байсан циркийн үзүүлбэрүүдийг цоо шинэ, үзэгчдийг байлдан дагуулж, алмайруулсан үзүүлбэрүүдээр сольж, энтертаймэнт бизнест урьд өмнө үзэгдээгүй шинэ урсгалыг бий болгосон. Түүгээр зогсохгүй тэд аль ч үеийн үзэгчдийн сонирхлыг татахын тулд одоо ч үзвэрүүдээ шинэчилж, тайз засалтаа урьд урьдаас илүү сайжруулсаар байна.
2. Дөрвөн үйлдэлт шинжилгээ
Аливаа бизнесийг шинээр эхлүүлэх юмуу оршин буй бизнесийг өргөжүүлэх, зогсонги байдлаас нь гаргахын тулд бизнес эрхлэгчид дараах дөрвөн үйлдэл буюу асуултын дагуу өөрийн бизнестээ дүн шинжилгээ хийж, стратегиэ тодорхойлох юмуу шинэчлэх замаар шинэ үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгох хэрэгтэй.

FOUR ACTIONS FRAMEWORK

Эдгээр дөрвөн үйлдлийг гүйцэтгэхийн тулд та өөртөө тавих асуултууд:

1. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй илүү байлгах вэ?
2. Бизнес эрхлэх салбарт чинь урьд нь хэрэглэгчдэд санал болгож байгаагүй юуг шинээр бий болгох хэрэгтэй вэ?
3. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй бага байлгах вэ?
4. Бизнес эрхлэх салбарт чинь өрсөлдөөнийг хамгийн их өдөөдөг юуг хасах хэрэгтэй вэ?

Тухайлбал дээр дурдсан CirqueDeSoleil дээр хийгдсэн дөрвөн үйлдэлт шинжилгээний үр дүн дараах байдалтай байна: 
1. Тэд уламжлалт циркийн шоунууд болдог дундаж газруудаас хамаагүй илүү багтаамжтай, үзэмжтэй, тансаг газруудад шоугаа зохион байгуулах болсон.
2. Тэд үзүүлбэрийн шинэ сэдвүүд, хэд хэдэн тавилтууд, сайжруулсан орчин, хөгжим бүжгийн гайхам тоглолтуудыг шинээр бий болгосон.
3. Тэд өөрсдийн үзүүлбэрүүддээ хошин шог, аюултай юмуу амь өрссөн үзүүлбэрүүдийг уламжлалт циркийн үзүүлбэрүүдээс хамаагүй бага хэмжээнд оруулсан.
4. Тэд салбартаа л од гэгддэг жүжигчид, маллахад үнэтэй амьтдын үзүүлбэрүүд, тоглолтын дундуур үзэгчдэд ундаа, амттан зарах, тоглолтын хэд хэдэн газартай байх зэрэг уламжлалт циркт тогтсон цөөнгүй жаягуудыг хассан.


“Хөх далайн стратеги” номын хураангуй болон дараа дараагийн "дэлхийн шилдэг номын хураангуй" цувралын маань бичвэр нийтлэгдмэгц алдалгүй уншихыг хүсвэл манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй!


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image