Яагаад та өдөр бүр унших шаардлагатай вэ? Ном уншихын 10 ашигтай тал

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Co-founder & COO, Educated Enterprise LLC
2016 / 11 / 09     6377

Ихэнх амжилттай яваа хүмүүс байнгын унших зуршилтай байдгийг та бид бүгд мэднэ. Жишээлбэл 2015 онд Фэйсбүүк компанийн захирал Марк Зүкербүрг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх. Хятадын төв номын сангийн гадаа оочерлон зогсож буй залуусын зургийг ч та олон нийтийн хуудсуудаар харсан байх. Гэтэл манай Монгол залуусын хувьд дийлэнх нь унших дадалыг өөртөө суулгаагүй байгаа нь ажиглагддаг. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг тул Монгол залуу та ном тогтмол уншиж доорх ашиг тусуудыг амьдралдаа нээн өөртөө болон эх орондоо үнэ цэнэтэй амьдраарай.


1. Оюуны дасгал
Хүний биеийн бүх булчингуудын адил тархийг эрүүл хүчтэй байлгахын тулд байнгын дасгал хийж байх ёстой. Ашиглагдахгүй зүйлс үгжирч байдаг бол ашиглагдаж байгаа зүйлс улам цааш хөгжиж байдаг нь хорвоогийн жам юм. Идэвхитэй уншигчдын Алзаймер буюу бидний мэддэгээр зөнөглөх өвчинд нэрвэгдэх магадлал буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
2. Стресс буурна
Ажил, хичээл ном, гэр бүл, найз нөхөдийн харилцаа гээд бидэнд өдөр тутам стрессдэх шалтгаан түм бумаараа бий болж байдаг. Тэгвэл сайн зохиол унших үед та номондоо орж өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн хөндийрч зовлон бэрхшээлээ түр мартдаг. Тиймээс ном уншихаа больсон ч таны бэрхшээл - таныг стрессдүүлсэн зүйлийн шалтгаан нь өчүүхэн болохыг ойлгож тайвширсан байдаг байна.
3. Мэдлэг тэлнэ
Ном уншиж байх үедээ бид тодорхой хэмжээний мэдлэгийг өөрийн тархиндаа хадгалан авч үлдэж байдаг. Та хэр их мэдлэгтэй байна амьдралд тулгарах бэрхшээлүүдтэй илүү зэвсэглэсэн тулах болно. Та ажил мэргэжил, мөнгө магадгүй эрүүл мэндээ алдсан ч таны өөрийн тархинд хуримтлуулсан мэдлэгийг хэн ч булааж авах боломжгүй.


4. Үгийн сан баяжина
Ном уншдаг хүмүүс өдөр тутмын яриандаа ч бусдаас илүү олон үгийг ашиглаж илүү өргөн хүрээтэй ярьдаг. Та бид хэдийгээр өөрийн төрөлх хэлээрээ хангалттай ойлголцдог хэдий ч яруу тансаг үг хэллэг ашиглахгүй цөөн тооны үгэн дунд эргэлдэж байдаг. Олон сайхан үг ашиглаж ярьдаг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй хүндэтгэн харьцдаг шүү дээ. Хэр олон тооны үг хэллэг ашиглаж байгаа нь тухайн хүний боловсролын түвшинг илэрхийлдэг бас нэг чухал үзүүлэлтийн нэг байдаг. Мөн гадаад хэл сурч буй хүмүүс ном тогтмол уншиснаар үгийн сан нь баяжиж, үгийг зөв хэрэглэх хэвшил суудаг гэж гадаад хэлний багш нар дүгнэдэг бөгөөд хэл сурч буй залуусыг тухайн хэл дээрх ном зохиол уншиж байхыг зөвлөдөг.
5. Ой тогтоолт сайжирна
Ямар нэг зохиол уншиж байхдаа бид дүрүүдийн зан чанар, амьдралын замнал болон хэрхэн ямар сэжимээр хоорондоо холбогдож буй гэх мэт нарийн төвөгтэй ниваансуудыг нь санаж байх шаардлагатай байдаг. Гайхалтай нь энгийнээр тайлбарлахад бидний тархи шинэ зүйл тогтоох бүрт түүнийг хадгалах шинэ зайг гаргаж өгдөг тул хадгалагдсан мэдээлэл хоорондын дамжих зам богиносч эргүүлэн санах замыг богино болгодог. Тиймээс илүү ихийг ойлгож тогтоох тусам бидний тархи илүү хурдан шуурхай ажилдаг болдог байх нь. Гайхалтай биш гэж үү?
6. Анализ хийх чадвар сайжирна
Ихэнх зохиолууд дээр гол дүрийн баатрууд тулгарсан ямар нэг бэрхшээл саадыг давдаг. Энэ нь уншигч бидэнд түүний алдаанаас суралцах, цаашлаад ижил нөхцөл байдал тулгарвал түүнийг хэрхэн даван туулах бэ гэдэг арга замыг зааж өгдөг тул бидний толгойг багагүй ажлуулж дүгнэлт анализ хийх чадваруудыг маань хөгжүүлдэг.
7. Төвлөрөх чадвар сайжирна
Өнөөдрийн интернэтэд суурилсан технологийн эрин үед бид аливаа зүйлд төвлөрөхөөс илүүтэйгээр гар утсаараа найзтайгаа чатлан, ажлын програмд шаардлагатай өгөгдөлийг оруулангаа, и-мэйлдээ хариу өгч мөн дээрээс нь вэб хуудаснууд шүүн хэрэгтэй мэдээлэлээ хайж байдаг. Яг л таныг дүрслэн бичиж буй мэт байна уу? Харамсалтай нь энэ төрлийн олон зүйлийг зэрэг амжуулах хүсэл маань биднийг илүү стрессдүүлж, бүтээмжийг маань бууруулж байдаг. Харин ном уншиж байхдаа бид зохиолдоо л бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс ажилаа эхлэхээс 15-20 минутын ном уншиж хэвшснээр тархиа чөлөөлөн ажилдаа илүү төвлөрдөг болохыг судлаачид нотолжээ. Та ч мөн туршаад үзээрэй!
8. Бичих чадвар сайжирна
Ямар ч сайн бичвэрт бусдын ажлаас авсан санаа ордог. Тиймээс хэн илүү их уншина түүний жишээ авч бичих, сэдвээ баяжуулах чадвар дагаад өсдөг болох нь маргаангүй үнэн ажээ.


9. Эрүүл мэндэд тустай
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, огцом ширүүн зантай хүмүүсийг ном уншиж тайвширч байхыг зөвлөдөг. Учир нь хүн номноос өөрийгөө таних, дотоод амар амгаланг олох боломжтой байдаг. Ном унших нь хүний тархийг олон бодлоос нь чөлөөлж өгдөг тул маш хурдан, бүх сайн унтах нойрны эм болох боломжтой байх нь. Мөн саяхан нэгэн судалгаанаас чанартай сайн зохиол уншдаг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, залуу байж элдэв өвчин тусах магадлал нь буурдаг тул ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад урт насалдаг нь тогтоогдсон байсан.
10. Бүтээлч болон ургуулан төсөөлөх чадвар өснө
Бид номон дээрх тайлбарласан зураглалаас өөрийн хэзээ ч байж үзээгүй орчинд өөрийн төсөөллийн ачаар очиж чаддаг. Ургуулан бодох, төсөөлөх чадварыг ном уншиж байнга хөгжүүлснээр хүний бүтээлч сэтгэхүй хөгждөг болох нь олон судалгааны үр дүнгээс гарчээ.


Эх сурвалж: http://www.lifehack.org, "10 Benefits of Reading: Why You Should Read Every Day", Lana Winter-Hébert


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image