Хүссэн сургуульдаа амжилттай элсэхэд тань туслах 3 тактик

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2016 / 10 / 31     1505

2014 онд Монгол дахь Канадын элчин сайдын яамнаас Монголын боловсролын салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээнд дурдсанаар жил бүр 24000 Монголчууд гадагшаа явж, ямар ч үед 40000 Монголчууд гадаадын аль нэг улсад суралцаж байна гэжээ. Саяхан хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ирж ажилласан Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний Герман зөвлөх маань дээрх тоог сонсоод уулга алдахыг бодоход багагүй тоо бололтой.


Дээрх компани маань Сингапур, Хятад, Энэтхэг тэргүүтэй голдуу Азийн орны ахлах ангийн сурагчдыг АНУ, Их Британийн шилдэг их дээд сургуулиудад өөрт тохирох мэргэжлээрээ, амжилттай элсэн ороход нь зориулсан бүх талын зөвлөгөө (тохирох сургуулиа сонгох, шалгалтууддаа бэлтгэх, эссегээ бичих, ярилцлагандаа бэлтгэх гэх мэт) –г өгдөг, ингэхдээ өөрсдийн боловсруулсан комьютерийн дэвшилтэт систем (software)-ийг ашигладаг. Энэхүү систем нь тэдэнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг болон үзүүлэхийг зорьж буй төвүүдийн бүтээмж, үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлж, ажлыг хичнээн хөнгөвчилж болохыг мэдэрсэн тэд системээ гадаад зах зээлд нэвтрүүлж эхлээд буй.


Түүнчлэн энэхүү системийн ач тусыг мэдсэн ахлах ангийн сурагчид өөрсдийнхөө санаачлагаар сургуулиудынхаа багш, удирдлагуудад мэдээлэл хүргэн сургуулиараа нэгдэн хэрэглэж буй тохиолдол Сингапур, Хятад зэрэг орнуудад цөөнгүй гарч байгаа нь технологиор дамжуулан боловсролын хүртээмжийг огцом дээшлүүлэх зорилготой Cialfo компанийханд бахархалтай үйл явдал болсон байна. Тэдний дэвшилтэт системийн талаар АНУ-ын телевизийн томоохон суваг болох CNBC хүртэл сурвалжлага бэлдсэн байх юм. Энд дарж үзнэ үү. 

Нийтлэлийн эхэнд Герман зөвлөхийг маань уулга алдуулсан гадаадад сурдаг болон сурахаар бэлтгэж буй Монгол оюутан залуусын тоо бол гадаадад суралцах хүсэлтэй хэн нэгний нийт өрсөлдөгчдийн тухайд бодвол зөвхөн Монгол гэсэн ганц улсын хэмжээний тоо гэдэг нь ойлгомжтой. Иймд Монголоос хүн ам зэрэг олон хүчин зүйлээрээ илүү бусад олон орны оюутан залуусаас ялгарч, өөрт хамгийн тохирох сургуульдаа амжилттай элсэн орж, амьдралын бусад том зорилгууддаа алхам алхмаар хүрэхийн тулд эртнээс төлөвлөгөөтэй, тактиктай бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд Герман зөвлөхийн маань санал болгож буй 3 гол тактикыг дор хүргэе.

1. Гадаадад сурах бэлтгэлээ 2-3 жилийн өмнөөс хийж эхлэх;

Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиуд жил дутам хэдэн арван мянган өргөдөл дундаас хэдхэн зуу, магадгүй хэдхэн арван оюутныг шалгаруулан авдаг. Онцлог нь эдгээр хэдэн мянган өргөдөл өгөгчдийн ихэнх нь тус тусынхаа улс, муж, сургуулийн хэмжээнд манлайлагчид байдаг. Иймд тэднээс ялгарахын тулд зөвхөн онцсайн дүнтэй байх хангалтгүй. Та хичээлээс гадуур нийгмийн тусын тулд сайн дурын ажилд идэвхитэй оролцох, эсвэл ямар нэгэн урлаг, спортын төрлөөр тууштай хичээллэх зэргээр өөрөө өөрийнхөө шилдэг хувилбарыг бий болгохын тулд идэвхитэй, тууштай, тактиктай ажиллах хэрэгтэй.


Ялангуяа хүссэн сургуульдаа өргөдөл өгөхөөс өмнөх 2-3 жилд гаргасан амжилт, оролцсон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд чинь академик дүнгээс чинь илүү таныг товойлгох том үзүүлэлт гэдгийг санаарай.

2. Дэлхийн сургуулиудын үнэлгээний жагсаалт (world university ranking)-ыг биш зорилгодоо нийцүүлэн, сурахаар эрмэлзэж буй сургуулийнхаа жагсаалтыг өөрөө гарган баримтлах;

Гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиуд зарим хүний хувьд толгой нь эргэмээр олон мэргэжлийн ангиудтай байдаг. Бүх мэргэжлийн хөтөлбөрүүдээ нэгэн жигд чанартай хүргэдэг сургуулиуд хуруу дарам цөөхөн. Иймд чиний сонирхол, хүсэл, чадамжинд нийцсэн мэргэжлийг л сайн чанартай олгодог сургуулийг судалж мэдээд, түүндээ элсэх бэлтгэлээ эртнээс хийгээрэй.

3. Зорьсон сургуульдаа элсэх өргөдлөө аль болох эрт өгөх;

Гадаадын томоохон их, дээд сургуулиуд ихэнхдээ өргөдөл хүлээн авах хоёр хугацаа заасан байдаг. Эхний хугацаанд багтаж өргөдлөө өгөгсөд элсэн орох төдийгүй тэтгэлэг авах магадлал хамаагүй өндөртэй байдаг. Тухайлбал доорх зурагт үзүүлсэнчлэн хэрвээ та өргөдөл хүлээн авах эхний хугацаанд нь багтаж өргөдлийн маягтаа гүйцэд, бүрэн зөв бүрдүүлэн өгсөн тохиолдолд таны Harvard, Yale зэрэг АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх магадлал хоёр дахь буюу хожуу хугацаанд багтаж өгснөөс даруй 3-7 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна.

Эх сурвалж: www.cialfo.co

Хэрвээ танд дээрх зөвлөгөө таалагдсан бөгөөд илүү олон экспертийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй бол манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй.

Танд амжилт хүсье!


33
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image