Интернет, ухаалаг утас, дрон дэлхийг байлдан дагуулсан ... дараагийнх нь бөмбөлөг байхын биш биз?

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2016 / 10 / 17     623

2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Канадын Монтреаль хотод Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төрөлжсөн агентлаг Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-ын 3 жил дутамд нэг удаа зохион байгуулагддаг Ассемблэйн чуулган хуралдаж дэлхийн 190 гаран орны 2500-аад төлөөлөгч оролцлоо.

Энэ үеэр бидний анхаарлыг татсан хоёр содон асуудал хэлэлцэгдсэнийг дор тоймлоё. 

1. Дроныг нисэх онгоц, нисдэг тэрэгний адил дүрэм журмаар зохицуулах шаардлагатай юу?
Тиймээр барах уу. “Амьдралын шаардлагаар” гэдэг шиг өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологи, тэдгээрийн зохистой бөгөөд аюулгүй хэрэглээг зохицуулахын тулд дэлхийн олон орнууд дроны хэрэглээтэй холбоотой хууль, дүрэм журам баталж, албан ёсны зохицуулалт хийж байна. Арга ч үгүй биз, цаг үеийн няцаашгүй шаардлага байгаа юм чинь. Жишээ нь АНУ-ын Холбооны Нисэхийн удирдах газар /FAA/-аас 2016 оны 03-р сард гаргасан тайланд өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд зөвхөн АНУ-д л гэхэд дронтой холбоотой 600 гаран осол зөрчил гарсан тухай онцолжээ.
Мөн дрон нисгэгч бэлтгэх сургалт, дрон нисгэгчдийн олон улсын тэмцээн зэрэг цаг үеийн шаардлагаар энэхүү бие жижиг ч бэлчээр томтой техниктэй холбоотой олон шинэ үзэгдлүүд ар араасаа урган гарч байна.


Image credit: http://www.techweekeurope.co.uk/

2. Бөмбөлөгний тусламжтай дэлхий аалзны шүлсэнд илүү хэрэгдэнэ.
Google компаний толгой болох Alphabet компаний сүүлийн үед хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон төслүүдийн нэг нь Project Loon буюу тусгай техник, технологийн тусламжтай үйлдвэрлэсэн агаарын бөмбөлөг ашиглан интернет ашиглах боломжгүй байгаа дэлхийн хүн амын тэн хагаст интернетийг хүртээмжтэй болгох, цаашлаад интернетээр дамжуулан хэрэгцээтэй мэдээ мэдээллийг нь хүргэхэд чиглэсэн мега төсөл юм.

Image credit: http://www.digitaltrends.com/

Интернетэд холбогдох нь тодорхой сөрөг үр дагавруудтай ч амьжиргааны түвшин төдийлэн дээгүүр бус юмуу алслагдсан бүс нутгийн иргэд, фермерүүдэд эрүүл мэнд, цаг агаарын мэдээ мэдээллийг найдвартай эх сурвалжаас, цаг алдалгүй авах хамгийн оновчтой арга нь интернет байж чадна гэж энэ төслийнхэн үзэж байна.
Дрон, нисэх онгоцнуудтай мөргөлдөх, хувийн эзэмшлийн газруудад зөвшөөрөлгүй нэвтрэх зэрэг олон зөрчил гаргаж байгаа. Project Loon бөмбөлгүүдээ энэ мэт хэл ам, эрсдэлд өртүүлэхгүйн тулд (эрсдэлийг хамгийн бага түвшинд барихын тулд) улс орнуудын нисэхийн удирдах газрууд, нислэгийн удирдлагын төвүүдтэй хамтран ажиллахаар гэрээ, хэлцэл хийж байгаа юм байна. Одоогийн байдлаар 10 гаран улстай гэрээ байгуулж, 15 гаран улстай хэлэлцээ хийж байгаа мэдээтэй байна. Удахгүй манай Монголын Иргэний нисэхийн ерөнхий газартай ч энэ асуудлаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулах бизээ.


0
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image